Эрчим хүчний сайд Салхит салхин паркийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа

2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрчим хүчний сайд М.Сономпил энэ жил Монголын эдийн засагт хийгдэж буй хамгийн том /уул уурхайн-бус/ хөрөнгө оруулалт болох Салхит салхин паркийн барилга угсралтын талбайд төслийн ажлын явцтай танилцлаа. Барилга угсралтын ажлын явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу 2020 онд гэхэд манай улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргах зорилтыг тууштай хэрэгжүүлэх тухай Сономпил сайд сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа онцоллоо.
Эрчим хүчний сайдыг дагалдаж Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний гүйцэтгэх захирал Ц. Равдандорж, Үндэсний диспетчерийн төвийн гүйцэтгэх захирал С. Түвшинтөгс, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Дэлгэрцогт болон бусад удирдах албан тушаалтнууд Салхитад ажиллалаа.

Салхит салхин цахилгаан станц нь нийт 50 Мв эрчим хүч үйлдвэрлэх 31 салхин үүсгүүрээс бүрдэх бөгөөд одоогийн байдлаар 9 салхин сэнсийг амжилттай босгоод байна. Ньюком группын Клин Энержи компани нь энэ оны 12 дугаар сарын дундуур Салхит станцаас төвийн эрчим хүчний сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхлэхийг зорин ажиллаж байна.

Эрчим хүчний сайд М.Сономпил сэтгүүлчдэд Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт

Засгийн газраас баримталж буй бодлого чиглэлийн талаар ярилаа

 

Эрчим хүчний яамны болон салбарын агентлагуудын удирдлага барилга угсралтын

талбайд салхин цахилгаан үүсгүүрийн эд ангитай танилцаж буй байдал

Ньюком группийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан Салхит салхин паркийн барилга

угсралтын ажлын явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.