Монголын анхны салхин цахилгаан станц хүлэмжийн хий худалдаалах гэрээ амжилттай байгууллаа
Клин Энержи ХХК Шведийн эрчим хүчний агентлагтай Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Салхит” салхин цахилгаан станцын бууруулах хүлэмжийн хий худалдаалах гэрээ байгуулж 2013 оны 4-р сард гарын үсэг зурлаа. Тус төсөл 20 жилийн хугацаанд салхиар цэвэр эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ хугацаанд нийт 3,7 сая тонн хүлэмжийн хий бууруулахаас эхний 7 жилийн бууралтын 50% буюу 630 мянган тонн хүлэмжийн хийг Шведийн засгийн газарт худалдахаар боллоо.
Хүлэмжийн хий худалдаалaх тухай Салхитын төслийг “Цэвэр Хөгжлийн Механизм (ЦХМ)” гэх олон улсын гэрээ конвенцийн дор зохицуулагддаг хүлэмжийн хийг бууруулах, харилцан худалдаалах тогтолцоогоор боловсруулсан бөгөөд тус механизмын дагуу өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийгээ бууруулах үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргээ биелүүлэхдээ дотооддоо хүлэмжийн хийг бууруулаад зогсохгүй хөгжиж буй орнуудын хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлсэн төслүүдийн буурсан хүлэмжийн хийг худалдан авсанаар өөрийн үүргээ биелүүлсэнд тооцуулдаг. Ийм төрлийн механизмаар төсөл боловсруулах нь хөгжиж буй улс орнуудын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах төдийгүй төслийн санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх олон чухал ач холбогдолтой.
Хүлэмжийн хий бууруулах ач холбогдол Хүлэмжийн хий нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, озоны цооролт, агаарын бохирдол зэрэг байгаль орчны олон асуудлуудтай шууд болон шууд бусаар холбоотой. Монгол улсын хувьд хүлэмжийн хий хамгийн их гаргадаг салбар бол эрчим хүч (65,4%). Нүүрс түлж цахилгаан, дулаан гаргах, тээврийн хэрэгслээс гарах утаа бүгд үүнд хамаарах тул эрчим хүчний салбарын алдагдалыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, нүүрс, түлшний чанарыг сайжруулах нь агаарын бохирдлыг бууруулахад нэмэр болох төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон сайн талтай.
Монгол Улсаас НҮБ-д ЦХМ-ын төслөөр 4 төсөл бүртгэгдсэн байдгаас нэг нь Салхитын төсөл юм. Дөргөн, Тайширын усан цахилгаан станц (УЦС) нь эхний 2 төсөл бөгөөд бууруулсан хүлэмжийн хийгээ Японы талд худалдсан байдаг. Салхитын төсөл нь манай улсаас НҮБ-д бүртгэгдсэн анхны салхин цахилгаан станцын төсөл бөгөөд анхны томоохон хэмжээний ЦХМ-ын төсөл юм. Жил бүр ойролцоогоор 180 мянган тонн СО2 буюу нүүрстөрөгчийн давхар исэл бууруулах тул Дөргөн, Тайширын УЦС-тай харьцуулбал 6 дахин их хүлэмжийн хийг бууруулна гэсэн үг.
Хүлэмжийн хийн бууралтыг тооцох тухай
Салхитын төсөл нь жил бүр дунджаар 170 ГВт цаг эрчим хүчийг салхиар буюу цэвэр сэргээгдэх эрчим хүчээр гаргаж Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлнэ. Ийм хэмжээний цахилгааныг дулааны цахилгаан станц (ДЦС)-уудад үйлдвэрлэсэн бол жилдээ ойролцоогоор 122 мянган тонн нүүрс шатааж, 180 мянган тонн нүүрстөрөгчийн давхар исэл агаарт гаргах юм.
“Салхит” салхин цахилгаан станцын онцлог
Монголын:
- Анхны том хэмжээний салхин цахилгаан станц
- Анхны бие даасан цахилгааны эх үүсвэр
- Сүүлийн 30 жилд цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож буй хамгийн анхны том хэмжээний эрчим хүчний эх үүсвэр
- “ОНЫ ШИЛДЭГ ХЭЛЦЭЛ” шагналыг 2012 оны Ази Номхон Далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний салбарт хүртсэн анхны төсөл