ИМПОРТЫН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
ИМПОРТЫН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг УИХ хуралдаанаараа эцэслэн баталлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.3 хувийн саналаар дэмжин баталсан.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь ОХУ-ын “Интер РАО ЕЭС” компаниас цахилгаан эрчим хүч худалдан авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан түгээх сүлжээ комданиудад бөөний үнээр дамжуулан борлуулдаг. Баруун бүсийн эрчим хүчний системээр 2014 онд 100.8 сая кВт.ц, БНХАУ-аас 5.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч импортолж, “Дөргөн” УЦС 39.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн баруун гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангажээ.
Тус компани нь ОХУ-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 2.6 рублиэр худалдан авч, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн 1 кВт цахилгаан эрчим хүч борлуулах бөөний үнэ тарифын дагуу “Увс ЦТС” ХХК-д 45.55 төгрөг, “Ховд ЦТС” ХХК-д 52.47 төгрөг, “Баян-Өлгий ЦШСГ”-т 49.4 “Алтай-Улиастай ЭХС”-д 86.59 төгрөг тус тус мөрдөн ажиллаж байгаа юм.
Харин “Дөргөний УЦС” ХХК-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 32.11 төгрөгөөр худалдан авч түгээх сүлжээнүүдэд бөөний үнэ тарифаар тооцон борлуулдаг. БНХАУ-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 0.65 юаниар худалдан авдаг байна. Түгээх сүлжээ компаниуд айл өрхөд 86.8 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагад 124.2 төгрөгөөр тус тус борлуулдаг байна.
Тус компанийн импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг гэнэ.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 2014 онд 3857.8 сая төгрөгийн балансын алдагдалтай ажиллажээ.
Тус компани нь 2012 онд 0.9 тэрбум төгрөг, 2013 онд 3.7 тэрбум төгрөг, 2014 оны гүйцэтгэлээр 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2015 оны батлагдсан бизнес төлөвлөгөөгөөр 4.1 тэрбум төгрөгний алдагдалтай ажиллахаар байгаа аж.
Тиймээс “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг УИХ өнөөдрийн хуралдаанаараа ийнхүү эцэслэн баталлаа. Уг татварын чөлөөлтөд зөвхөн ахуйн зориулалтаар ашиглах эрчим хүчийг хамруулан тооцох юм.