КЛИН ЭНЕРЖИ ХХК ДЭЛХИЙН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛ ХҮРТЭВ

Клин Энержи ХХК Салхит салхин цахилгаан станцын төслөөрөө олон улсын нэр хүнд бүхий “The Project Finance Awards” шагналын “Ази номхон далайн бүсийн Оны шилдэг хэлцэл”-ээр шалгарлаа. Шагналыг 3 сарын 21-нд Сингапур улсад зохиогдсон ёслолын арга хэмжээний үеэр гардуулав.

Энэхүү шагналыг “Euromoney Institutional Investor” компаниас эрхлэн гаргадаг “Project Finance” сэтгүүлээс зохион байгуулдаг байна.  “Project Finance” сэтгүүл нь дэлхий даяарх дэд бүтцийн төслүүд, тэдгээрийн санхүүжилтийн талаар мэдээллэдэг олон улсад нэр хүндтэй сэтгүүл юм. Өдгөө 28 жилийн түүхтэй энэ сэтгүүл нь газрын тос, байгалийн хий, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, зам тээвэр, мөн төр-хувийн хэвшлийн түншлэл гэх мэт олон салбар сэдвүүдийг хамардаг байна.

“The Project Finance Awards” шагнал нь анх 14 жилийн өмнө зохион байгуулагдаж эхэлсэн. Дэд бүтцийн чиглэлийн төслүүдээс хамгийн шинэлэг, шилдэг туршлага болон технологи нэвтрүүлсэн, өндөр үр ашигтай, эрсдлийн зөв удирдлагатай, тодорхой асуудлын шийдэл болсон, мөн шуурхай хэрэгжүүлж чадсан төслүүдийг сонгон шалгаруулдаг юм. Жил бүр 300-350 төсөл энэхүү шагналд өрсөлддөг байна.

Клин Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал С. Энх-Амгалан хэлэхдээ “Олон улсын нэр хүндтэй энэ шагналыг Монгол Улсаас анх удаа хүртэж байгаадаа бид бахархаж байна. Салхит төсөл бол манай улсын эрчим хүчний салбар болон цэвэр сэргээгдэх эрчим хүчний хөгжилд чухал ач холбогдолтой төсөл. Мөн Монголд төслийн санхүүжилтийн механизмаар хэрэгжсэн анхны төслүүдийн нэг. Манай төслийн баг болон хөрөнгө оруулагч нарын олон жилийн уйгагүй хөдөлмөрөөс босч ирж буй энэ төсөл олон улсад үнэлэгдэж байгаа нь бидний цаашдын ажилд урам өглөө.”

Клин Энежи ХХК нь Ньюком ХХК, Женерал Элетрик, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Нидерландын хөгжлийн санхүүжилтийн корпорацийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын хүчин чадалтай, нэгдсэн сүлжээнд холбогдсон Монголын анхны сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэр буюу Салхит салхин цахилгаан станцыг энэ оны эхний хагаст багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.