Салхит салхин цахилгаан станцын “ХӨГЖЛИЙН САЛХИ” баримтат киноны нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө
Ньюком Групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Салхит салхин цахилгаан станцын баримтат киноны нээлтийн арга хэмжээг 2013 оны 12 сарын 25-ны өдөр Тэнгис кино театрт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийт 350 гаруй зочид цугласан бөгөөд үүнд
эрчим хүчний салбарын байгууллагууд болох Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Сэргээгдэх эрчим хүчний төв, дулааны цахилгаан станцууд болон Байгаль орчин ногоон хөгжлийн яам, хувийн хэвшлийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд зэрэг олон харья байгууллагуудын төлөөлөл цугларсан. Баримтат киног олон нийтэд, тэр дундаа олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийхэн, их сургуулиуд зэрэг холбогдох байгууллагуудад хүргэх ажлыг 2014 оны туршид хийх бөгөөд дахин кино театруудаар гаргах болно.
Ньюком Групп нь 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэхүү 20 жилийн хугацаанд харилцаа холбоо, агаарын тээвэр, сэргээгдэх эрчим хүч, их сургууль зэрэг улс орны хөгжлийг тодорхойлдог томоохон салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж байна. 2013 он бидний хувьд Салхит салхин цахилгаан станц (СЦС)-ыг ашиглалтанд оруулж, 20 жилийнхээ ойд бэлэг барьсан үйл явдал болсон бөгөөд өнөөдөр Салхит цахилгаан станцыг хэрхэн барьж байгуулсан тухай түүхийн хуудас болох баримтат киноны нээлтийг хийж байна. Энэ баримтад киног Салхит СЦС-ын байгуулалтанд зориулж Ньюком Групп, Женерал Электрик, Лэйтон компанууд киног хамтран бүтээсэн юм. Кинонд тус төсөлтэй холбоотой ажилласан төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн дүрсийг баримтжуулан оролцуулсан болно.
Салхит СЦС нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг бөгөөд тус Салхитын хөндийд 2004 оноос хойш тасралтгүй 8 жилийн хугацаад салхины хурдны хэмжилтийг хийж, 2011 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлсэнээр 2013 оны 6-р сард ашиглалтанд орсон. Жилд дунджаар 150-170 сая кВт эрчим хүч үйлдвэрлэж төвийн бүсийн цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнд нийлүүлэх юм. Энэ нь нэгдсэн сүлжээний 4%-ийг цэвэр эрчим хүчээр хангаж 100,000 орчим айл өрхийн жилийн цахилгааны хэрэгцээтэй дүйцэх юм.
Монголын эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж ашиглалтанд оруулах нь амар хялбар байгаагүй ч бид эдгээрийг даван туулж цахилгаан станц амжилттай, найдвартай ажиллуулж байна. Салхитын төслөөр дамжуулан Монголын эрчим хүчний салбарт олон шинэчлэл, дэвшилүүдийг авчирч байгаа бөгөөд энэ тогтвортой, ногоон хөгжилд үлгэр жишээ болоосой гэдэг утгаараа бид баримтат киноны нэрийг “Winds of Change” буюу “Хөгжлийн Салхи” хэмээн нэрлэж, нээлтийн ажиллагаанд салбарын олон төлөөлөгчдийг урьж оролцуулсан.
Салхит СЦС нь сэргээгдэх эрчим хүчний жишиг төсөл болж цаашдын эрчим хүч төдийгүй дэд бүтцийн олон төслүүдэд хувийн болон гадаадын хөрөнгө оруулах шанг татаж эхлүүлснээрээ онцлог ач холбогдолтой төсөл болж байна. Энэ утгаараа Салхит СЦС-ын цаашдын үйл ажиллагаанаас дараа дараагийн олон төслүүдийн ирээдүй, хөрөнгө оруулалт хамаарах болно.
Тус төслийн хөрөнгө оруулалтыг Ньюком групп, Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/, Нидерландын хөгжлийн санхүүжилтийн корпораци болон Женерал Электрик компанийн хамтарсан санхүүжилтээр хийсэн. Өнөөдрийн байдлаар ЕСБХБ бол Монгол улсад хамгийн их хөрөнгө оруулсан олон улсын санхүүгийн байгууллага юм. Хөрөнгө оруулагчдыг дэмжих, үйл ажиллагааг бэхжүүлэхийн тулд Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээг дагаж мөрдөх нь ирээдүйн эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой юм. Цаашдаа Монгол Улсын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын олон төслүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Эдгээрийн анхных нь Ньюком группийн анх санаачлан хэрэгжүүлсэн “Winds of Change” буюу “Хөгжлийн Салхи” хэмээн нэрлэгдэх Салхит СЦС болж байна.