Компанийн танилцуулга

Клин Энержи ХХК нь 2004 онд байгуулагдаж, Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох Салхит салхин цахилгаан станц (ССЦС)-ыг барьж, ашиглалтанд оруулсан сэргээгдэх эрчим хүчний компани юм. 

ССЦС нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон анхны салхин цахилгаан станц бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан цахилгаан станц ба НҮБ-д бүртгэгдсэн хамгийн том Цэвэр Хөгжлийн Механизм (ЦХМ)-ын төсөл юм. 

Төслийн нийт өртөг нь 170 тэрбум орчим төгрөг бөгөөд хөрөнгө оруулагчид нь Ньюком групп, Женерал Электрик компани, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Нидерландын санхүүгийн хөгжлийн агентлаг юм.  

Техник технологийн хувьд станц нь 50МВт-ын хүчин чадалтай, GE компанийн GE 1.6-82.5xle загварын 31 салхин цахилгаан үүсгүүртэй, 27км урт 35кВ-ын кабелийн сүлжээг ашигладаг. Мөн анх удаа дэвшилтэт технологи болох 110кВ-ын Хийн тусгаарлалттай хуваарилах байгууламж (GIS)-ийг ашиглаж, Тристорын удирдлагатай Статик Вар Компенсатор (SVC)-ийг суурилуулсан. Салхин цахилгаан үүсгүүрүүдийг алсаас удирдах Wind-SCADA систем болон дэд станцын тоноглолыг удирдах Substation-SCADA системийг ашиглаж байна. 

Барилга угсралтын ажил 2011 онд бэлтгэл ажлаас эхлэж 2013 оны 6 сард станц ашиглалтанд орж, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Барилга угсралтын ажилд нийт 4000 гаруй ажилчид оролцсон бөгөөд тэдний 95% нь монголчууд байсан. 

2024 оны байдлаар Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 3%-ийг хангаж, ойролцоогоор 80,000 гаруй айл өрхийн жилийн цахилгааны хэрэглээг хангаж байна. Мөн жилд 122 мянган тонн түүхий нүүрс хэмнэж, 1.6 сая тонн цэвэр усны хэрэглээг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг жилд 180 мянган тонноор бууруулж байна.