Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд М.Энхсайхан, төслийн компанийг төлөөлж “Тавантолгой цахилгаан станц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, Хөрөнгө оруулагчийг төлөөлж “М-Си-Эс пауэр” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож,  “Монгол Улс бизнест эргэж ирснийг гэрчлэх нэг том үйл явдал өнөөдөр мөн тохиож байна гэж хэллээ.
Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичигт 2023 он гэхэд Тавантолгойн цахилгаан станц баригдсан байхаар тусгасан. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын нэг нь Тавантолгойн цахилгаан станцыг төслийг эхлүүлэх асуудал байсан юм гэдгийг тэрээр тэмдэглэлээ. 
Энэ цахилгаан станцыг барьж байгуулснаар Оюутолгой төсөлд шаардлагатай эрчим хүчийг дотоодоосоо нийлүүлэх замаар импортын эрчим хүчинд зарцуулах мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, ажлын байр шинээр бий болгох, бүхэлдээ  Өмнийн бүсийн үнэ цэнийг өсгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтой.
Уг төслийг Монгол Улсын хамгийн том донор орон Япон улсын Марубени корпораци,  Монгол Улсын М-Си-Эс компанитай хамтран хэрэгжүүлэхээр болж Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал юм.
Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа энэ цаг үе нь Монгол Улс болон Япон Улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлж байгаа үетэй давхцаж буй нь хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулах эхний том төсөл гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр хийх ажлын хэсгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалсан. Ажлын хэсэг харьцангуй богино хугацаанд хэлэлцээрийг амжилттай зохион байгуулсан нь Эрчим хүчний яам, Хууль зүйн яам, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам, Хөрөнгө оруулалтын газар зэрэг яам, агентлагууд ихээхэн ач холбогдол өгч нягт хамтран ажилласантай холбоотой юм гэж Ерөнхий сайд хэлээд ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хөрөнгө оруулагчдад талархал илэрхийллээ.
Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол Улсад анх удаа IPP буюу бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч зарчмаар ажиллах хувийн хэвшлийн цахилгаан станцыг Төслийн санхүүжилт хэлбэрээр барьж байгуулан, үйлдвэрлэсэн эрчим хүчээ томоохон бүтээн байгуулалтад, мөн улсын нэгдсэн сүлжээнд  нийлүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл Засгийн газраас ямар нэг баталгаа, барьцаа шаардахгүй, хувийн хэвшил бүх эрсдлээ өөрөө дааж, тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой” гэж хэллээ.
IPP төсөл анх удаа хэрэгжиж байгаа учраас шинэ ойлголтууд, шинэ зохицуулалт,  шинээр мэдэх, сурах зүйлс чамгүй их гарч байгааг хаа хаанаа ойлгох нь зүйтэй. Үүнтэй уялдуулан цаашид хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор урган гарч байгаа нь хэлэлцээрийн явцад ажиглагдсан. Цаашид энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах болно.
Тавантолгойн цахилгаан станцыг барьж босгоход манай үндэсний компаниуд шийдвэрлэх үүрэгтэй бөгөөл бүтээн байгуулалтад 3000 гаруй ажилчид оролцохын дийлэнх нь монголчууд байх юм. Энэ станц ашиглалтад орсноор улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 тэрбум хүртэл төгрөгийн орлого орохоос гадна  Оюутолгойн эрчим хүчний импортод төлж буй 200 сая ам.долларын эх үүсвэр дотоодын эдийн засагт үлдэж, олон зуун том жижиг аж ахуйн нэгжүүд төслийн үр шимийг хүртэнэ гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан ярьж байна.
Energy.mn